&digits Эргэлзээ-2 /хошин өгүүлэг/ :|: H U G J I L T E I
2010-02-04
Эргэлзээ-2 /хошин өгүүлэг/



Би амьдралд байнга л эргэлзээд байдаг боллоо. Шөнө ажлаасаа ирээд унтах гэхээр нойр хүрээд ч байгаа юм шиг, нозоороод ч байгаа юм шиг. Үдэш болсон ч юм шиг үүр цайх гээд ч байх шиг. Зүүдлээд ч байх шиг зөгнөөд ч байгаа юм шиг. Цас ороод ч байгаа юм уу, цаас хийсээд ч байгаа юм шиг нэг л хачин. Нойр сэрвэлзээд явчихаар хөргөгчөө онгойлгоод сүү уух гэхээр сүүн дотор меламин байгаа ч юм шиг, меламин дотор сүү байгаа ч юм шиг. Ядаргаанд сайн гээд ганц хүндага архи уулаа. Манараад ч байгаа гэлтэй, метилтэй архинд хордоод ч байх шиг. Үхэх вий гэж айгаад эхнэрээ дуудлаа. Манай эхнэр сэрэхээргүй нам унтаад ч байгаа юм уу, намайг гэх сэтгэлгүй ч юм уу. Ухаж бодох тусам хууль ёсны эхнэр мөн ч юм шиг хамтран амьдрагч хүүхэн ч юм шиг. Тэгж тэгж унтсан болоод сэрнэ. Хар нүд хуу татаад цонхоор “Шинэхэн айраг аваарай” гээд л баярхаад ч байгаа юм шиг зүгээр уулгах гээд ч байгаа юм шиг. Шинэхэн айраг уусан ч юм шиг шингэлсэн аарц залгилсан ч юм шиг, ходоод халуун оргиод ч байх шиг гүйлгэж, сур харвах гээд ч байгаа шиг мушгираад. Машинаа асаагаад ажилдаа явах гэсэн чинь бензин дуусчихаж. Миний машин бензин их идээд ч байгаа юм шиг, шатахуун түгээгүүрийнхэн дутуу шахаад ч байгаа юм шиг. Замаар ороод хаазаа нэмэхээр засмал замаар хурдлаад ч байгаа юм шиг, цоорхой замаар дэнжигнээд ч байх шиг. Машины дугуй хагараад ч байх шиг хавагнаад ч байх шиг. Ядаж явахад машины FM радиогоор “Алтан шар зам” дуу эгшиглэж байна. Дуучин Банзрагчийн хоолой юм шиг, дууриамал Банзрагч бархираад ч байх шиг. Ажилдаа очоод сонин гарчиглалаа. Улс төрийг би сонирхоод ч байна уу, улс төр намайг солиоруулах гээд ч байна уу. Хамтарч Засгийн Газар барих нь ард түмэнд хэрэгтэй гэнэ. Ард түмэнд хэрэгтэй ч юм шиг, авлигачдад ээлтэй чюм шиг. Энхрий хайрт нам маань өнгөрсөн сонгуульд ялсан ч юм шиг ялагдсан ч юм шиг. Сонгууль өгөх нь зөв ч юм буруу ч юм уу бүү мэд. Байрны үнэ нэмэгдээд ч байгаа юм уу, хасагдаад ч байгаа юм уу бид ойлгохоо байлаа. Бензиний үнэ суга өссөн ч юм шиг салам буусан ч юм шиг. Зохиолын дууны хан хүү Жавхлан архинд орсон ч юм шиг аргаа бараад сенсаацилсан ч юм шиг. Олимпийн медальтнуудаа зурагтаар хараад учиргүй ихээр баярлаад ч байх шиг усан нүдэлж уйлах гээд ч байх шиг. Гавъяат тамирчин Гүндэгмаагийн гар буу гацсан ч юм шиг гайтай хужаа нар гацаасан ч юм шиг. Банкууд дампуурах гээд ч байгаа юм шиг томроод ч байна уу. Ядарч туйлдсан ард түмнээ харахаар монголын эдийн засаг сүйрэх гээд ч байх шиг, ямаандаа цалин өгөхөөр шийдсэнийг нь санахаар эдийн засаг суга өссөн ч юм шиг. Эцэст нь би хүн болж төрсөн нь буруу ч юм шиг, хөдөө хээр ухна болж төрсөн бол дээр ч юм шиг. 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax